Орон сууцуудын бүх лифтийг шалгаад пайзжуулна

123Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон “Улаанбаатар лифт” НӨҮГ хамтарч Улаанбаатар хотын шинэ, хуучин орон сууцуудын лифт буюу цахилгаан шатны ашиглалтын асуудлаар хяналт, шалгалт хийх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 3000 орчим лифт ажилладаг гэсэн судалгаа байдаг аж. Гэтэл сүүлийн үед шинээр баригдаж байгаа орон сууцуудын лифт гацах, унах зэргээр иргэдийн эрүүл мэндэд хохирол үзүүлэх болсон талаар гомдол их ирэх болсон байна. Тиймээс бүх лифтийг шалгаж, ашиглалтын хугацаа, баталгаа зэргийг тодорхойлж пайзжуулах ажил хийхээр болжээ. Энэ талаар “Улаанбаатар лифт” НӨҮГ-ын дарга Г.Ангараас тодрууллаа.

-Орон сууцуудын одоо ашиглагдаж байгаа лифтийг шалгахаар болсон юм байна. Хэзээнээс эхлэх вэ?

-ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын газар, “Улаанбаатар лифт” компани хамтарч Улаанбаатар хот даяар ашиглагдаж байгаа лифтийн ашиглалт, үйлчилгээ, техникийн магадлалын ажлыг эхлүүлж байгаа. Энэ ажил 2013 оны наймдугаар сарын 16-наас эхлээд бэлтгэл ажил хангагдаад явж байна. Шалгалт 11 дүгээр сарын 15-нд дуусна. Уг шалгалтаар ашиглагдаж байгаа лифтний тоо эцсийн байдлаар гарна. Мөн иргэдийн өдөр тутам, зорчиж байгаа лифтний чанар, аюулгүй байдал зэргийг шалгана.

-Шалгалтын явцад шаардлага хангахгүй лифт гарах байх. Дараа нь ямар арга хэмжээ авах вэ. Бүр ашиглалтаас гаргах уу, стандарт, шаардлага тавих уу?

-Хамгийн нэгдүгээрт аюулгүй стандартын лифттэй байх ёстой. Одоо шинээр баригдаж байгаа орон сууцуудын лифтэд шинээр гаргасан пайзжуулалт, стандартын шаардлага тавигдана. Шалгалтын явцад илэрсэн доголдол, гэмтэлтэй лифтүүдийг шууд хаана. Мөн эвдрэлийн хэмжээг тогтоогоод цаашид ашиглах боломжтой лифтүүдийг ашиглах байх. Шинээр тавигдсан лифтүүд хэр чанарын өндөр түвшинд, тавигдсан байна, улсын хөрөнгө хэр үр ашигтай зарцуулагдаж байна вэ гэдгийг шалгана.

-Бүх лифтийг пайзжуулна гэдгээ тодруулахгүй юу?

-Ашиглагч байгууллагаас лифтний марк, даац, хурд, магадлал, хийсэн огноо зэргийг шаардана. Лифт нь хэдэн оны, хэдэн сарын хэдэн хүртэл ашиглагдана гэсэн пайзыг хадах юм. Нэг ёсондоо иргэдэд баталгаа өгч байна гэсэн үг. Тэгэхээр иргэд лифтэндээ орохдоо лифтнийхээ талаарх мэдээллийг бүрэн авах юм.

-Лифтний ашиглах, чанарын хугацаа нь хэдэн жил байдаг вэ?

-Мэргэжлийн байгууллагаас тогтоосон магадлалыг үндэслэж лифтийг явуулдаг. Одоогийн байдлаар Оросод үйлдвэрлэсэн хуучин лифтүүд 20-25 жил болоод ашиглагдах хугацаа нь ерөнхийдөө дууссан.

-Ашиглалтаас гарсан лифтийг шинэчлэх ажил хэр явагдаж байна. Улсын хөрөнгөөр хийгдэж байгаа байх. Хичнээн лифт шинэчлэх вэ?

-Улсын төсвөөс шат дараатайгаар хөрөнгийг нь шийдвэрлэснээс шинэчлэлийн ажлууд хийгдээд 50 хувьтай явагдаж байна. 2016 он хүртэл улсын төсөвт нийт 13 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Нийтдээ 400 гаруй лифт шинэчлэгдэнэ. Өнгөрсөн жил 133 лифтийг 5.5 тэрбум төгрөгөөр шинэчилсэн. СӨХ-ны дээд зөвлөлөөс гаргаж өгсөн нэрсийн дагуу шинэчлэлийн ажил хийгддэг.

-Нэг лифт шинээр тавихад өөрийн өртөг нь хичнээн төгрөг байдаг вэ?

-Давхараас шалтгаалаад янз бүр байдаг. Улсын төсөвт тавигдсан үнээр бол 9 зогсоолтой лифтний үнэ 42.4 сая, 8 зогсоолтой лифт 40.2 сая төгрөг байгаа.

Орон сууцуудын бүх лифтийг шалгаад пайзжуулна Reviewed by on . Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон “Улаанбаатар лифт” НӨҮГ хамтарч Улаанбаатар хотын шинэ, хуучин орон сууцуудын лифт буюу цахилгаан шатны ашиглал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон “Улаанбаатар лифт” НӨҮГ хамтарч Улаанбаатар хотын шинэ, хуучин орон сууцуудын лифт буюу цахилгаан шатны ашиглал Rating: 0
scroll to top