Лифтэнд гүйцэтгэх захиалагчийн хяналт

ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ

Манай байгууллага нь лифтийн угсралтын чанарыг сайжруулах зорилгоор лифт угсралтад захиалагчийн хяналт тавьдаг. Одоогоор Улаанбаатар хотын лифт шинэчлэлийн ажлын хүрээнд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарласан тендерт шалгарсан компаниудын лифт импортоор оруулж ирж, угсрах үйл ажиллагаанд захиалагчийн хяналт тавьж байна.

Одоогоор “Цамхаг констракшн” Ремкран импекс” ХХК-уудын угсарч байгаа НЗД-ын А/212  дугаар захирамжийн дагуу солигдох Баянгол дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 18, Баянзүрх дүүргийн 15, Сонгинохайрхан дүүргийн 19, Чингэлтэй дүүргийн 1, нийт 96 лифт,  НЗД-ын А/408 дугаар захирамжийн дагуу солигдох Сонгинохайрхан дүүргийн 12, Баянзүрх дүүргийн 10, Баянгол дүүргийн 15, нийт 37 лифтийн угсралтын ажилд хяналт тавин ажиллаж байна.

Тендерээр ялсан байгууллагад захиалагчийн хяналтыг тавих ажлын эхний шатанд манай байгууллагын зүгээс дараах ажлыг гүйцэтгэнэ:

  1. Үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлийг шалгарсан  гүйцэтгэгч  байгууллагад албан ёсоор мэдэгдэнэ.
  2. Ажил гүйцэтгэх график төлөвлөгөө, санхүүжилт авах үе шатны  төлөвлөгөөг гүйцэтгэгчтэй харилцан тохиролцож гэрээнд тусган, гэрээг байгуулах
  3.  Гэрээ баталгаажсанаар ажил эхлүүлэх зөвшөөрлийг авч, ажлын байран дээр захиалагчийн хяналтыг яаж тавих талаар гүйцэтгэгчид үзүүлж, тайлбарлана.

Лифт угсрах ажилд захиалагчийн хяналтийг тавих технологи.

  1. Гүйцэтгэгч бүхээгний болон эсрэг ачааны зам төмрөө тавьж дуусаад захиалагчид мэдэгдэж хэмжилтийг хийлгэж, шаардлага хангасан нөхцөлд акт үйлдэнэ. Зам төмрийн тэгш байдлыг DJ-A багажаар шалгах ба гүйцэтгэгч энэ багажаар шалгуулахад зориулж зам төмөр бүрийн ард 2 дүүжин утас татсан байна. Энд зам төмрийн хоорондох зай, эгц босоо байдал, хоёр зам төмрийн хөндлөн огтлолын босоо тэнхлэг нэг шулуун дээр байгаа байдал зэргийг шалгана.
  2. Хөтлүүр, түүний суурийн тэгш, зөв суурилсан байдлыг шалгана. Үүнд дүүжин чиг баригч, тэгш ус хэрэглэнэ. Энэ хүрээнд шкивүүдийн татлаганы ховилын төв, эсрэг ачааны болон бүхээгний төвтэй нэг босоо тэнхлэгт давхцаж байгаа эсэх, шкивүүд эгц босоогоор байрласан эсэх, хоорондоо нэг шулууны дагуу суурилсан эсэх, хөтлүүрийн суурь төмрүүд хэвтэй тэнхлэгүүдийн дагуу тэгш тавигдсан эсэхийг шалгана.
  3. Хонгилын болон бүхээгний хаалганы тохируулгууд зөв хийгдсэнийг шалгана. Үүнд эвхдэг метр, штангенциркуль, тэгш ус хэрэглэнэ. Энэ ажлын хүрээнд хаалганы самбаруудын зай, түгжээний тохиргоо, хаалганы чөлөөлүүр, ховилны харилцан байрлалын жигд байдал, босгоны тавилтын тэгш байдлыг шалгана.
  4. Ган татлаганы бэхэлгээ, жигд байдал. Бэхэлгээ чанга эсэх, ган татлаганы урт нь жигд эсэхийг шалгана. Амтай түлхүүр, эвхдэг метр хэрэглэнэ
  5. Гагнуурын найдвартай байдлыг шалгана. Жижиг алхаар шаваасыг цохиж шалгана. Энэ хүрээнд зам төмрийн кронштейны бэхэлгээ, хаалганы босгоны бэхэлгээ, хаалганы хатавчны бэхэлгээ, хөтлүүрийн хамгийн доод суурийн бэхэлгээ хамрагдана.
  6. Цэвэрлэгээний байдлыг шалгана. Энд машины өрөө, бүхээг, хонгил, худаг, зам төмрийн цэвэрлэсэн байдлыг нүдээр үзэн шалгана.
  7. Хүлээлгэн өгөх бичиг баримтын иж бүрдэл. Энд механик хэсгийн угсралтын заавар, зураг, цахилгаан-электрон хэсгийн угсрах заавар, схем, электрон системийн тохируулгын заавар, лифтийг ашиглах, засвар, ТҮ хийх, тохиргоо хийх заавар, паспорт дүрэмд заасан хэл дээр орчуулагдсан байна. Мөн баригч, хаалганы түгжээ, хурд хязгаарлагч, буфер болон бусад шаардлагатай эд ангийн үйлдвэрийн туршсан акт байна.
  8. Холбоо, дохиолол, ослоос хамгаалах хэрэгслийн ажиллагаа. Эдгээрийг ажиллуулж шалгаж үзнэ. Энэ хүрээнд дотуур холбоо, аваарын дуудлага, галын дохиолол, хязгаарын таслагчууд, баригчийн, хурд хязгаарлагчийн өөрийн болон татлага чангалагчийн, гар жолоодлогын болон бусад таслагчууд, давхар тодорхойлох тэмдэглэгээ г.м.

Захиалагчийн зүгээс тухайн ажлыг шаардлагын хэмжээнд хийгдэж дууссан гэж үзсэн тохиолдолд  гүйцэтгэгч байгууллага нь техникийн бүрэн  магадлал хийлгэж улсын комисст хүлээлгэн өгнө.

Цаашид бид хувийн компанийн хүсэлтээр захиалагчийн хяналтыг бас гүйцэтгэх болно.

scroll to top