Лифтийн үйлдвэр

                    Улс хөгжихийн хирээр орчин үеийн өндөр барилгууд олширч тэдгээрийг лифтгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Манайд өнөөдөр 100 мянган айлын орон сууц барина гэхэд л үүнд ойролцоогоор 2000 лифт шаардагдана түүнээс гадна олон компанийн офисын байр, зочид буудал, дэлгүүрүүд баригдаж байгаа нь лифтийн хэрэгцээний цар хэмжээ жил тутам ихсэхийг харуулж байна. Мөн орон сууцны хорооллуудад ашиглагдаж байгаа түрүү үеийн лифтүүдийг шинэчлэн солих ажил хийгдэж байна.

Манай улсад нийтдээ 3000-аад лифт ашиглагддагаас 10 гаруй хувь нь хуучин ЗХУ-д, үлдсэн хэсэг нь Солонгос, Хятад, Чехсловак, Америк, Франц, Финлянд, Герман Япон улсад үйлдвэрлэгдсэн лифт байдаг.

Лифт нь тоотой хэдэн сэлбэгийн асуудлыг шийдчихвэл засаж тордох бололцоотой, сэлбэгээр дутагдах нь бага, түүний олон эд ангийг өөрийн орондоо үйлдвэрлэх боломжтой, хуучирлаа гээд заавал актлах албагүй, түүнд их засвар хийснээр эдлэгдэх хугацааг нь уртасган ашиглах боломжтой төхөөрөмж юм.

Түүнээс гадна лифт нь нарийн ажиллагаатай, иж бүрэн автоматжсан тоног төхөөрөмж бөгөөд түүний ихэнх зангилаа эд анги нь стандартчилагдан, дагнан үйлдвэрлэдэг мэргэжлийн тусгай үйлдвэрүүдэд үйлдвэрлэдэг болчихсон байдаг тул лифт үйлдвэрлэгч компаниуд нь лифтийг үйлдвэрлэхдээ түүний олон тооны зангилаа эд ангийг өөрсдөө үйлдвэрлэдэггүй, дагнан үйлдвэрлэдэг газраас нь худалдан авч лифтэндээ угсардаг болсон тул лифтийн чанарын ялгаа нь үйлдвэрлэгчээс бага хамаардаг болсон. Харин лифтийн үнээс хамаарч чанар муутай эд анги тавих, муу угсрахаас түүний чанар ихээр шалтгаалж байна.

Лифтийн ихэнх мэргэжлийн байгууллагууд маань дээр үед Орост бэлтгэгдсэн механикуудаас бүрддэг. Гэтэл өнөөдөр инвертер бүхий хөдөлгүүртэй, электрон-компьютер удирдлагатай, давхрын соронзон мэдрэгч бүхий лифтийн шинэ үе бий болсон ба эдгээр лифт нь Монголд нэвтэрч эхлээд 20 иод жил болж байна. Харин энэ шинэ үеийн лифтийг угсардаг, засвар үйлчилгээ хийдэг мэргэжлийн байгууллага Монголд цөөхөн байдаг бөгөөд дээрх ажлыг гадаадын байгууллагаар гүйцэтгүүлэх нь багагүй байна.

Харин лифтийг үйлдвэрлэдэг компани бол Монголд байдаггүй. Иймд Монголд лифт ашиглалтын байдал гадны компаниудын хамааралд байнга байдаг. Өөрөөр хэлбэл лифтийн ашиглалтын явцад бид гадаадын мэргэжилтнийг өдрийн 80-100 доллараар хөлслөн ирүүлж ажиллуулах, лифт гэмтсэн үед түүний өчүүхэн жижиг сэлбэгийг өндөр үнэ төлж илгээмжээр авч ирүүлэх зэргээр лифт эзэмшигчдэд зардал, чирэгдэл ихээр тохиолдож байна.

Иймд бид Монголдоо лифт үйлдвэрлэх зорилго тавьж байна. Бид лифт үйлдвэрлэхээр зорих болсон нь дараахь нөхцөл, боломж дээр үндэслэсэн юм.

  1. Лифт нь компьютер удирдлагатай бөгөөд гарсан эвдрэлийг автоматаар оношилдог. Гэтэл удирдлагын компьютерт суулгасан программ нь үйлдвэрлэсэн газраа нууцлагдан үлддэг тул гарсан гэмтлийг бүрэн оношилж чадахгүйгээс лифт үйлдвэрлэгч компаниас байнгын хамааралд, тэдний эрхэнд байдаг. Үүнийг мэргэжилтнүүд бид шийдвэрлэх үүрэгтэй юм.
  2. Лифтэнд нийт 49 зангилаа эд анги ордгоос 21-г нь дагнасан үйлдвэрүүдээс, 8-г нь Монголдоо бөөний худалдаанаас худалдан авах, харин 20 төрлийн зангилаа, эд ангийг нь бид өөрсдөө үйлдвэрлэх боломжтой юм.
  3. Нэгэнт бид Монголдоо лифт үйлдвэрлэх нөхцөлд шинэчлэн, сайжруулалт шаардлагатай байгаа орон сууцны лифтүүдийг хямд зардлаар сэргээн босгох боломжтой болохоос гадна лифт ашиглалтын үед аливаа эвдрэлийг оношлоход гадны мэргэжилтэн урих, сэлбэгийн хомсдолд орох асуудал алга болох бөгөөд үүнийг шийдвэрлэх шаардлага Монголын лифтийн ертөнцөд хойшлуулшгүй асуудал болоод байна
  4. Лифтийн зах зээл манайд хангалттай байгаа бөгөөд нэг лифтийг гадаадаас оруулж ирэхэд түүний тээврийн зардал болон гаалийн татварт 5000-8000 ам доллар төлдөг бөгөөд бид өөрсдөө үйлдвэрлэх нөхцөлд хэрэглэгчдээс энэ зардлыг хэмнэх тул үнийн хувьд гадаадын компаниудтай Монголын зах зээл дээр өрсөлдөх боломжтойг харуулж байна
  5. Бид Хятадад болдог 2008, 2010, 2012 оны олон улсын лифтийн үзэсгэлэнд оролцсоноор лифтийн стандарт эд ангиудыг үйлдвэрлэдэг компаниудын болон тэдний бүтээгдэхүүний талаар тодорхой судалгаа хийсний үр дүнд лифтийн эд анги, холбогдох материалыг худалдаж авах нөхцөл боломжоо тодорхой болгосон нь лифт үйлдвэрлэхэд тустай болоод байна.

Лифтийн үйлдвэрийг өөрийн орондоо бий болгосноор Монголчууд бидэнд дараахь сайн үр нөлөө бий болно гэж үзэж байна

  1. Лифтийн компьютер удирдлагад өөрийн программыг суулгаснаар аливаа эвдрэлийг өөрсдийн хүчээр засварлах бүрэн боломжтой болно.
  2. Манайд ашиглагдаж байгаа лифтүүд сэлбэг, хэрэгслээр гачигдахгүй болно.
  3. Импортын барааг багасгаснаар улсын валютын нөөцийг хэмнэнэ. /Нэг лифтний үйлдвэрийн үнэ нь 20-30 мянган ам. доллар байдаг.
  4. Монголд шинэ үйлдвэр бий болсноор үндэсний үйлдвэрийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулна.
  5. Ажлын байрыг нэмэгдүүлэн, ажилгүйдлийг багасгаж, татвар төлснөөр төсөвт тодорхой хувь нэмрээ оруулах болно

 Одоогийн байдлаар бид лифтийн үйлдвэрлэх эд ангийн бат бөхийн тооцоо, ажлын зургийг зурж, үйлдвэрлэх технологио боловсруулах бэлтгэл ажлаа гүйцэтгэж байна. Түүнээс гадна өөрсдийн үйлдвэрлэх лифтний цахилгаан-электроникийн схемыгболовсруулан гаргаж, загвар шитны модель хийх ажилдаа ороод байна.

scroll to top