Ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна

0

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд БХБЯ, ХНХЯ, УБЗАА, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар болон өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, ашиглагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр өргөх байгууламжийн талаар хэрэгжүүлж буй бодлого, хяналтын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцлээ.

Улаанбаатар лифт ОНӨТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ “Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийтийн зориулалттай орон сууцны лифтийг суулгах, шинэчлэх явцад манай байгууллага захиалагчийн хяналт тавьж ажилладаг. Мөн жил бүр лифтчин бэлтгэх сургалт явуулдаг бөгөөд сүүлийн хоёр жилд 50 гаруй ажилтан бэлтгэсэн. Энэ чиглэлээр ажилтан бэлтгэдэг маш олон байгууллага бий. Гэхдээ энэ чиглэлийн нэгдсэн сургалтын төвтэй болох ёстой.

Улаанбаатар хотод байгаа 8600 гаруй лифтнээс ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна. Жил ирэх тусам энэ тоо нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл тэр бүхнийг төр шинэчилбэл төсөвт хүндрэлтэй. Харин хуульд “Нийтийн эзэмшлийн барилгын цахилгаан шатыг төр нэг удаа шинэчилнэ” гэж заасан байдаг. Уг хуулийг үндэслээд иргэд, аж ахуйн нэгжүүд “Төр л шинэчлэх ёстой” гэсэн байр суурьтай явсаар ирсэн. Тиймээс хуулиа өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, лифтийг эзэмшигч, ашиглагч байгууллага, эсхүл тухайн барилгыг барьж буй компаниуд лифтээ даатгуулах, нэгдсэн сантай болох зэрэг олон улсын туршлагуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу” хэмээн саналаа илэрхийлж байлаа.

Эх сурвалж: https://ulaanbaatar.mn/news/17820